• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

Хүүхдүүд нэгийгээ бүлэглэж гадуурхаж, дээрэлхдэг .

Яагаад гэдэг талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Энд миний уншиж, судалж, ярилцаж зөвлөгөө авч бэлтгэсэн тусгай лекц, семинар байгаа.

Гэвч яаралтай ярилцаж, ийм үед томчуулын гаргадаг түгээмэл алдааг аль болох эртхэн хэлэх гэж үүнийг бичиж сууна.

Нэгийгээ бүлэглэж гадуурхах дээрэлхэх явдал сургуулийн 9-13 насныханд түгээмэл тохиолддог. Энэхүү явдал нь хохирогч буюу гадуурхуулагчийн хувьд ямар хүнд хэцүү сэтгэл оюуны гэмтэл болох нь ойлгомжтой , томчууд бидний хэрхэн яаж хандсан, оролцсон, тусалсан нь цаашид энэ хүүхдийн ертөнцийн тухай, хүмүүсийн тухай итгэл үнэмшил, амьдралын стратеги, өөртөө болон бусдад хандах хандлага, аливаа стресстэй нөхцөл байдлыг гэтлэн давах арга хэрэгслээ сонгоход гүн гүнзгий нөлөөлж байдаг. Гадуурхаж дээрэлхэж байгаа нөгөө талын бүлэгт ч гэсэн үзэл баримтлал, мөс жудаг, хайрлах энэрэх, өөрийгөө болон бусдыг хүндлэх, хүлээж авахтай холбоотой соёл, хэм хэмжээ зөв тогтох үйл явц явагдаж байгаа үе бөгөөд энэ нь тэдний ирээдүйн амьдралдаа хэн байх, түүнд итгэж найдаж болох эсэхтэй холбоотой олон чухал мөн чанар бүрэлдэн тогтох эхлэл болох учир томчууд бид дараах хэдэн алдааг гаргаж болохгүй:

  1. Тэгсгээд гайгүй болчих байлгүй дээ…

Аяндаа гайгүй болно гэж байхгүй….Шилжилтийн өмнөх насныхны хувьд аяндаа гайгүй болох найдлага байхгүй.. Үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Подросток насныхны хувьд хэрвээ тухайн бүлэгт нэлээд зөв, гэр бүлийн анхаарал сайтай, НӨЛӨӨ бүхий авторитет байгаад, тэрээр энэхүү гадуурхал, доромжлолыг зогсоох шийдвэр гаргаж чадвал эсвэл тэрхүү авторитет өөрөө “хүчирхийлэлд оролцохоо болилоо” гэдгээ тод чанга мэдэгдсэн тохиолдолд аяндаа гайгүй болох тохиолдол байдаг.  .

Багш нар яагаад ч юм “НЭГИЙГЭЭ ИНГЭЖ БОЛОХГҮЙ, ТЭР САНАА СЭТГЭЛЭЭР УНАЖ ХИЧЭЭЛ НОМОНДОО МУУДНА” хавьцаа ярьж  шийдвэрлэх арга хэмжээ авдаггүй, дээр нь хохирогчийн сул талыг тодруулж чи ч гэсэн “ҮҮНИЙГЭЭ ЗАСАХ, ТҮҮНИЙГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ” өөх ч биш булчирхай ч биш юм болгож орхидог.

12 нас хүртэлх хүүхдүүдэд мораль, эмзэглэх, хөндүүрлэхийг ойлгох чадамж байхгүй. Болоогүй. Харин тэдгээрийн тухай ойлголтын суурийг томчууд энэ үед нь тавьж эхэлж байх ёстой. Учир нь тэд одоохондоо эцэг эхээ сайн сонсож үгийг нь дагана.  Харин 12-с хойш энэ байдал эсрэгээрээ болж эхэлнэ.

  1. НЭГ ИХ ОЙЛГОЖ, СУДАЛЖ, ТАЙЛЖ УНШИЖ, ТАНИН БАРИХ ЯВЦДАА ЗӨВТГӨЖ ОРХИДОГ..

Гадуурхах дээрэлхэх энэ насныхны онцлогуудын нэг.Олны дотор байр сууриа эзлэх туршлага, ирээдүйн эр хүний амьдралд бэлтгэгдэж, альфа эсвэл омега эрэгчний аль нь байхыгаа сонгох үе шат руу орж байгаа нь тэр. Дээр нь хувийн амьдралын янз бүрийн түүх туршлагатай / гэр бүлийн хүчирхийлэл, өнчрөл үзсэн / хүүхдүүд нэг дор, өөрөөр хэлвэл хаалттай систем дотор аж төрөх явцад учраа ололцохын тулд энэ мэт проблем байдаг л зүйл гэх зэргээр тайлбарлаж, үүнийг судлах, ойлгох, ойлгуулах замаар даван туулах мэтээр бодож, ярьж үндсэндээ зөвтгөж орхидог.

Тиймээ хүүхдүүд бол хүүхдүүд. Энэ бүхнийг бид судалж, ойлгож, ойлгуулж хүүхдүүддээ аль алинд нь туслах ёстой. ГЭВЧ гадуурхлаас болж яг одоо шаналж, гутарч, өглөө болохоос.., сургууль руугаа явахаас зүрхшээж, хулчийж байгаа хүүхэд судалгааны, ажиглалтын объект төдий байж болохгүй. ҮҮНИЙГ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ЁС, ХҮНИЙ ЭРХИЙН ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗЭЖ ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ. ЭНД ХЭН АЛЬФА ХЭН ОМЕГА БАЙХ НЬ ХАМААГҮЙ МӨН ХЭН СУЛАВТАР, ЯДУУВТАР, ЭВГҮЙ ҮНЭРТЭЙ ЭСВЭЛ ЭТГЭЭД ХАЧИН БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ХЭН Ч ХЭНИЙГ Ч ГАДУУРХАХ, ДЭЭРЭЛХЭХ ЁСГҮЙ .

ГҮЙЦЭЭ !!!

ЭНЭ БАЙР СУУРЬ СУРГУУЛЬ ДЭЭР Ч, СЕКЦ ДУГУЙЛАН ДЭЭР Ч,  БАЙР ХОТХОН ДОТОР Ч, ЗУСЛАН АМРАЛТАНД, БҮР ГЭР ОРОНД Ч Ч ХАТУУ БАРИМТЛАГДАХ ЁСТОЙ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ СУРГАНЫХАН УУЖУУ ТАЙВУУ, УХААНТ МЭРГЭН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН НИРВААН ДҮР ГАРГАЖ, ХҮҮХЭД ХОХИРООХ ЭРХ БАЙХГҮЙ.

Ийнхүү хатуу байр суурийг баримталж, шийдвэртэй ажил алхам хийж шууд зогсоохын оронд учир шалтгааны анализ дүгнэлтээр цаг барах нь элбэг. Учир шалтгаан түм бум байгаа. Түүнийг өөрчлөх биш тодорхой бүлэг хүүхдүүдийн авир үйлдлийг өөрчлөх зорилгыг шууд тавих хэрэгтэй..

3.Дээрэлхэх гадуурхахыг таалагдах, эс таалагдахтай хольж хутгах…

 Хүүхдүүд заавал бие биендээ таалагдаж байх, сайн байх албагүй ш д.

Энд хэн нэгэнд таалагдах эс таалагдах, дуртай дургүйн тухай бус энд ХҮЧИРХИЙЛЛИЙН тухай яригдаж байгаа гэдгийг зааглах хэрэгтэй. Хүүхэд бүхэн тод, хурц, НӨЛӨӨТЭЙ, нүүрэмгий байх боломжгүй нь ойлгомжтой, ихэнх хүүхдүүдэд тэдгээр нь тийм их хэрэгтэй ч байдаггүй. Төрөлхийн дотогшоо, даруу томоотой, ичимхийгээс гадна, зүгээр л тухайн групп хүүхдүүдтэй тохирохооргүй стиль темпераменттайтэй байж болно.

Түүнд НЭГ Л ЗҮЙЛ ХЭРЭГТЭЙ “АЮУЛГҮЙ БАЙДАЛ”, ТЭР ТҮҮНИЙ АМИН ЧУХАЛ ЭРХ АШИГ.

Багш нар ихэвчлэн хохирогчийн сайн талыг тодотгох, түүний сайн чадах зүйлээр тусгай үүрэг даалгавар өгч түүний рейтингийг өсгөх зэргээр нэр төр байр суурь нь дээшлэхэд анхаардаг. Энэ мэдээж хохирогчид дэмжлэг, хамгаалаалт мэдрүүлэх эвтэйхэн арга хэрэгсэл. Энэхүү арга зөвхөн хүчирхийлэл зогссоны дараа үр дүн өгнө. Харин тэгээгүй тохиолдолд хохирогчийн амжилт бүхэн галуурхагчдын нүдэнд алдаа дутагдал, бүр шоолох доромжлох нэмэгдэл шалтгаан болдог.

Зохион бичлэгийн уралдаанд түрүүлвэл – номын солиот

Бусдад тусалвал – долигонуур

Өндөрт сайн харайвал – Сармагчин

Хүүхдийн кино үлгэрт заримдаа гавъяа байгуулж байж гадуурхал, хүчирхийллийг зогсоож байгаа сценари нэлээд байдаг байдаг. Зохиогчид үүнд анхаарлаа хандуулаасай.

  1. Зөвхөн Хохирогчийн проблем гэж харах.

Мэдээжийн хэрэг хохирогчийн нөхцөл байдал аймшигтай хүнд байгаа. Доромжлуулж, гадуурхагдаж, хамгаалалт дэмжлэгийг хангалттай, шуурхай авч чадаагүй түүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнцвэртэй хөгжилд гүнзгий гэмтэл учирсан..

Үүнийг хажуугаас нь харж байсан гэрчүүд ч бас хохирдог. Тэд энэ бүхнийг харж, шударга бус, хүнлэг бус хандлагыг эсэргүүцэж байсан ч хохирогчийг өмөөрч зүрхлээгүй, бүлгийн өмнөөс сөрөхөөс айж хулчийсан, тэрч байтугай айж хулчийхдаа хүчирхийлэгчдийг дэмжиж байгаа царайлсан, тэгээд дараа нь энэ бүх арчаагүй зангаасаа  ичиж, гутарсан. Хүүхдийн хувьд энэ мэдрэмж хохиролтой бас хортой. Хүүхдийн ясыг бэхжээгүй байхад алхаж сургах гэж хөл дээр нь тавиад ясыг нь муруйлгаж байгаатай адил…

Хүчирхийлэгчид ч энд ялгаагүй хохирдог. Тэдний хөгжиж боловсроогүй бяцхан ухамсар сэтгэл анх удаагаа “ сүрэг дэх цөөвөр”, “ утсан хүүхэлдэйн” туршлагыг олж авч, хүчтэй байх тухай, зөв байх тухай, шийтгэлгүй өнгөрч болох тухай ташаа, гаж ойлголттой болсон. Энэ бүхэн яваандаа догдлол мэдрэмжийн утга учрыг бүдгэрүүлж, гүн гүнзгий, эрхэм нандин харилцаа бий болгох боломжуудыг нь хязгаарлах, алсдаа насанд хүрэгсдийн нийгэмд нийцгүй, үнэ цэнэгүй хувь хүн төлөвшихөд хүргэдэг. Түүний ялалт байгуулж байсан арга хэрэгсэл нь түүнийг хожим томчуудын нийгэмд байр сууриа  эзлэхэд нь тусалж чаддаггүй бөгөөд эсрэгээрээ түүнээс зай барих, түүнд үл итгэж, түүнийг голох тийм ч аятай биш уур амьсгалыг буй болгодог. Тэд амжилттай, албан тушаалтай байгаад ч нэмэргүй, бусдаас ирдэг хүндлэл, хүрээлэл, хүлээн зөвшөөрөлт түүний хувьд үргэлж дефицит байх болно.

Эцэст нь ХҮЧИРХИЙЛЛИЙН энэ туршлага бүгдэд нь хохиролтой. Тэд сурах хөгжих, амьдралд бэлтгэгдэхэд зарцуулах цаг хугацаа, анхаарал төвлөрөлөө огт өөр хортой, гайтай зүйлд зарцуулж, дараа нь уршиг тарих туршлага, дурсамжийг бүгд ижил тэнцүү олж авсан.

Хэрвээ таны хүүхэд дээрэлхүүлээгүй, эсвэл таны хүүхэд бусдыг хүчирхийлээгүй бол та үүнд хэт тайвширч хэрэггүй. Ийм авир үйлдэл гарч байгаа газар ойрхон байгаа, хөндлөнгийн үзэгч ,хэний ч хүүхэд зүв зүгээр явж байгаад үл бүтэх бүлгийн өмнө сонголт хийх, тушаал биелүүлэх нөхцөл байдалд орж болзошгүй. Дараа нь хүүхэд өөрт нь огт байхгүй авир үйлдлийг яагаад гаргасанаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Заримдаа цөхөрсөн хохирогч шийдсэн хариултыг жинтэйхэн өгч бүлэгт багтах эсвэл бүлгийн өмнө дархлаа тогтоохын тулд огт буруугүй ч хамгийн туршлагагүйгээр нь таны хүүхдийг сонгочихсон байх зэрэг олон эрсдэл отож байдаг тул миний хүүхэд ашгүй энэ зүйлийн гадна байна гэж аминчхан бодож, ажиглаж дуулснаасаа холуур тойрох гэж бүү бодоосой.

  1. Гадуурхаж дээрэлхэхийг тухайн тодорхой хохирогчийн проблем гэж үзэх

Хохирогчийн ямар нэгэн сул эсвэл дутагдалтай талаар дүгнэлт хийж түүнийг шилжүүлэх, эсвэл хамгаалах, өмөөрөх стандарт бус үйлдлээр хүчирхийллийг зогсоодог. Хүчирхийлэгч групптэй ажиллахгүй орхивол тэр дараачийнхаа жертвийг удахгүй олно. Энэ хувь хүүхдийн бус илүүтэйгээр группийн проблем гэж хүлээж авах.

  1. Өрөвдүүлэх гэж оролдох

Хохирогч хичнээн зовж шаналж байгааг хүчирхийлэгчдэд тайлбарлаж түүнийг өрөвдүүлэхийг оролдох..  Энэ нь хүчирхийлэгчдийн байр суурийг бэхжүүлж хүссэн цагтаа өршөөж эсвэл шийтгэдэг “хүчтэн” гэх төөрөгдлийг нь улам бүр бататгана л гэсэн үг.

  1. Тоглоомын дүрмийг хүлээн авах

Хамгийн байж болохгүй зүйл бол би чадалтай мундаг биш бол “ намайг зодно, дээрэлхэнэ” харин  зоригтой танхай байж чадвал “би зодно” өөрөөр хэлвэл хохирогч  байх эсвэл хүчихийлэгч байх гэсэн сонголт хийх ёстой юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд өгч болохгүй.

Чи ямар буруутай тухайгаа бод,…. олигтойхон хариулт өгчихөөч тэрэнд.., адилхан хөлтэй гартай байж хүүхдэд зодуулсан бол хохь чинь …, эсвэл “зүгээр л тоохгүй бай, тэгж байгаад больчихно” .., “өрөө учраа олж сур”.., “бусадтай харилцаа тогтоож сур”..,

Энэ бүх яриа хүүхдэд ямар мессеж өгдөг вэ?

Амьдрал бол хүчтэйгийн өмнө хүчгүй нь буруутай гэсэн зарчимтай.., чамаас илүү бол чамайг дээрэлхэнэ, тэгэхээр өөрийнхөө аюулгүй байдал, эрх чөлөөг нулимж байгаад ч хамаагүй галзуу араатан шиг дайр, үзүүлээд өг, тэрний дараа чамайг хэн ч оролдохгүй, , эсвэл мэдрэмжээ тасалж сур, зүгээр л юу ч болж байсан мэдээгүй юм шиг бай…сонголт чинийх гэсэн мессеж болж хүүхдэд хүрдэг.

Энэ нь үндсэндээ та хүчирхийлэгчидтэй нэг байр суурьтай байгаагаа илэрхийлж хүүхдийг өөрийг нь өөртэй нь үлдээж байна гэсэн үг.

Хэрвээ хүүхэд подросток насанд хүрсэн бол бас ч учиртай. Хэрвээ энэ хүртэл түүнийг дэмжиж хамгаалдаг байсан, одоо ч шаардлага гарахад дэмжих туслах найдвартай ар талтай бол тэр энэхүү нөхцөл байдлаас өөрийн тэмцэл зүтгэлээр гарах гэж оролдоод, тэр нь бүтэж болно. Энэ мэдээж амаргүй, гэхдээ өсөх дэвжих туршлага болж болно. Хэрвээ хүүхэд харьцангуй бага 14 хүрээгүй бол томчуулын энэхүү сургаал, хандлага түүний амьдралд итгэх итгэл найдварыг ганхуулж, хувь хүнийхээ мөн чанарыг алдах, аялдан дагалдагч эсвэл алалдан тэмцэлдэгч гэх бүтээлч бус  амьдралын хоцрогдсон, хязгаарлагдмал стратегиас зууралдаж зовох суурь болдог. Түүнийг зоригтой, өөртөө итгэлтэй, хорвоо ертөнцийг эерэгээр хардаг болоход хамгийн хэрэгтэй зүйл бол эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчдын “ БИД ЧАМТАЙ ХАМТ БАЙНА, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЧАМАЙГ СОНСОЖ, ЧАМАЙГ ХАМГААЛАХ, ДЭМЖИХЭД БЭЛЭН, ЧИНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СЭТГЭЛ САНААНЫ АМАР АМГАЛАН БИДНИЙ ХУВЬД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ  ” ГЭСЭН МЕССЭЖ. 

Таны хамгийн эхний хийх зүйл бол буруу зөвийг шүүх эсвэл сургах, дасгалжуулах бус ” ХАМГААЛАХ ” гэхдээ бүр баталгаатай, шийдвэртэй хамгаалах. Бусад бүх зүйлээ үүний дараа хийгээрэй….

Бусад мэдээллүүд

ХҮССЭНЭЭ АВ! ЗААВАЛ АВ!

ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ДЭЭРЭЛХЭЖ, ГАДУУРХДАГ

45-55 нас төгсгөлийн эхлэл үү? ЭСВЭЛ …