• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ХҮЙН ХОЛБОО ХААНА ХАДГАЛАГДДАГ ВЭ?

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Энэхүү сэдвийг "Дайтахын оронд хайрла" лекцийг бүрэн эхээр нь сонссон хүмүүст зориулсан тул хэрвээ уг лекцийг сонсож амжаагүй бол ядахдаа эхлээд энэ сайт дээр тавьсан фрагментийг заавал уншаарай.

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Бидэнд ч – хүүхдүүдэд ч бас – (заримд нь байдаггүй юм шиг санагддаг ч ) уураг тархи гэж нэг юм бий.

Хүний биед тархиар удирдуулдаггүй нэг ч эрхтэн, эд, эс байхгүй.

Тархи нийт биеийн жингийн 2-3%-ийг эзэлдэг гэтэл амьсгалж буй агаарын 20%, эргэлдэж буй цусны 25%, нийт усны 30%,  цусаар түгээгдэж буй шим тэжээлийн бодисын 40%-ийг тус тус хэрэглэдэг.

Тархи бидний түүхэн хөгжлийн он цагийн үе шатыг харуулсан давхаргуудаас тогтдог. Хамгийн гадна талынхыг их тархи буюу ухаант хэсэг энэ харьцангуй залуу тархи бөгөөд түүнийг бид тахин шүтдэг.

Хамгийн гүн дэх хэсгийг эртний тархи буюу могойн тархи ч гэж нэрлэдэг. Шинжлэх ухаанд бол лимбийн систем гэх.

Тэрхүү лимбийн систем, үржүүлэхийн хүрдийг ч, үйл үгийн хувирлыг ч мэддэггүй бусад сүүн тэжээлтнүүдийнхтэй хэмжээгээрээ бараг л адилхан. Гэхдээ тэр гадна талын ухаант тархийг бидэнд бий болохоос өмнө бидний амьдрах, идэх, идэгдэхгүй байх, эсрэг хүйстэндээ тэмүүлэх, дасах хүсэмжлэх, үржих төлжих, үр зулзагаа хамгаалах зэрэг амин чухал эрх ашгийг хамгаалж байсан бөгөөд өнөөг хүртэл тэр үүргээ их тархиар заалгахгүйгээр гүйцэтгэсээр байгаа. Энэхүү тархинд бидний догдлол баяр, гуниг харуусал, айдас түгшүүр хадгалагдаж, дархлаа, цусны даралт, дааврын ялгарал зэрэгт шууд нөлөөлж, сэтгэлийг маань биетэй холбож, хүйн холбоог бэхжүүлэх үүргийг яв цав гүйцэтгэдэг.

            Их тархи болон лимбийн систем хоорондоо их нарийн харилцаатай. Бүх зүйлс харьцангуй тайван байгаа тохиолдолд хоёр тархи бие биенээ «сонсож», зөвшилцөн эвсэг ажилладаг.

Гэтэл бид түгшүүртэй мэдээлэл зурагтаар сонсоод айж тавгүйтдэг, бас удахгүй төрсөн өдөр болно гэхээр баярлаж догдолдог. Эндээс харахад Их тархи бидэнд их нөлөөтэй мэт байв ч үнэн хэрэгтээ бидний оюун ухаант логик тархи маань хүссэнээрээ биднийг удирдаж чаддаггүй. Тийм учраас турах зорилго тавьсанаа мэдсээр байж шоколаднаас татгалздаггүй, эртхэн шалгалтандаа бэлдэж эхэлвэл амжилт гаргана гэдгийг мэдсээр атлаа хийхгүй явсаар хугацааг нь тулгачихаад тэвддэг, хэтрүүлвэл яадгаа мэдсээр байж уучихаад хэд хоног шартаж, хөгийн царайлж хайран цаг бие хоёроо утга учиргүй үрж харамсана.

           Тэгвэл Лимбийн системийн чадлыг сонирхоё!

“ Хэрэв лимбийн систем ямар нэгэн нөхцөл байдлыг амьдралд эсвэл амьдралын чухал харилцаанд аюул занал учруулна хэмээн тодорхойлсон бол тэр түгшүүрийн харанга дэлдэж мэдрэлийн судлуудаар дамжуулан «Байлдааны түгшүүр зарлаж, аюул заналыг яаралтай устгах арга хэмжээ авахыг” шаардана. Бие организм үүнээс үүдэн цусан дахь адреналины хэмжээ огцом өсгөж, зүрхний цохилтыг олшруулж дайрах, зугатах, хашгирах, зодолдоход хэрэглэгдэх чухал эрхтнүүдийг цусаар хангахад бэлтгэдэг. Өөрөө хэлвэл байлдааны бэлэн байдалд ордог.

Их тархи тэр бүх зүйлийг аюулгүй гэдгийг мянга мэдээд ч нэмэр байдаггүй.

Жишээн дээр тайлбарлая:

5-6 настай бяцхан хүүд ах нь орон доор чинь чөтгөр байсан би харсан гэж худал залж айлгаж…..

Ээж нь ирээд түүнд орон доор юу ч байхгүйг учирлаж яриад, бүр гэрэл тусгаж харуулаад ч нэмэргүй. Тэрний ухаант их тархи гүйцэд хөгжөөгүй, болоогүй тул түүний аюулгүй байдлыг хангах үүргийг лимбийн систем бараг дангаараа гүйцэтгэж байгаа. Лимбийн систем энэ үүргийн биелэлтийг хүйн холбоонд түшиглэн гүйцэтгэнэ, учир нь бяцхан хүү одоохондоо өөрийгөө хамгаалж (зугатаж эсвэл дайрч) чадахгүй, дээр нь лимбийн системд өөрийгөө хамгаалах эсвэл өөрийгөө харъяалж байгаа том хүнээр хамгаалуулахаас өөр мэдлэг туршлага байхгүй….. Тэгэхээр хүүгийн хувьд аюулгүй байдлаа хангах цорын ганц стратеги бол “Ээжийнхээ дэргэд байх. Тэгвэл чөтгөр мангас юунаас ч хамаагүй  бүрэн хамгаалагдана” ….       

Хүүхэд эхийгээ ажилдаа явахад нь дагаж уйлдаг, «ээж нь удахгүй буцаад ирнэ»,  «бүх том хүмүүс заавал ажил хийх ёстой байдаг» гэх зэрэг олон арван «ухаалаг» үг хэлээд ямар ч тус нэмэр болдоггүй. Учир нь ээж нь одоо явах гэж байна, тэр нь түүний хувьд аймшигтай нөхцөл байдал. Түүний Лимбийн систем эхээсээ салахыг холдохыг аюултай нөхцөл гэж хүлээж авдаг. Харин ээж нь цаг руугаа байн байн харалгүй түүнийг хэсэг хугацаанд тэвэрч,тайвшруулаад өмсдөг гэрийн халаадаа түүнд нөмрүүлээд орхивол өөр хэрэг – лимбийн системийн хувьд ээжийнх нь үнэр шингэсэн халаад бол ээж нь биш ч гэсэн түүний  нэг хэсэг нь мөн тул түүнд амьдарч болохоор санагдана. Лимбийг бага сага хуурч болно.

Лимбийн системийн ачаар “гартаа штанг барьж үзээгүй, зодолдох барилдахыг огтхон ч мэдэхгүй, ургамал судлаач туранхай аав нь хүүдээ дэлхийн хамгийн агуу хүчтэн” санагддаг.  Харин бусдын аавууд бөх, боксын дэлхийн аварга байсан ч хамаагүй, тэдэнтэй хамт байхдаа тэр, хэзээ ч өөрийгөө бүрэн хамгаалагдсан гэж үзэж чадахгүй.

Лимбийн системийн хувьд түүний аав нь, зөвхөн түүний аав учраас тэр хамгаалагдсан, гэхдээ бүр найдвартай хамгаалагдсан гэсэн үг. 

Хүйн холбоос хадгалагдаж байдаг тархи буюу “Лимб”  баримтанд тулгуурладаггүй, зөвхөн мэдрэмжинд тулгуурлаж эволюцийн явцад зохиогдсон программаар ажилладаг.

            Дэлхийн хоёрдугаар дайны үед Лондон хотыг хүчтэй бөмбөгдөж,энэ хотод амьдарч байсан хүүхдүүд өдөржин чийгтэй хоргодох байранд өнжих тохиолдол цөөнгүй гардаг байлаа. Хоол унд ч тааруухан,аюултай байсан учир хүүхдүүдийг хөдөө тосгонд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тэнд аюулгүй, эрүүл хүнс ногоо, ургамалтай, саяхан саасан уур савссан шинэхэн сүүтэй, дээр нь тосгоныхон ч хүүхдүүдийг сайн харж халамжилна, харин эцэг эх нь Лондонд фронтын төлөө тайван ажиллана хэмээн тооцоолж. Тэднийг мэдээж багш сурган хүмүүжүүлэгчид ч дагалдаж.

Хачирхалтай нь Бөмбөгдөлтийн аюултай нөхцөл байдлаас ирсэн туранхай, эцэнхий хүүхдүүдийн сэргэлэн цовоо байдал бага багаар унтарч, өвдөж болох бүх өвчнөөр ээлж дараалан өвдөцгөөж, орондоо шээж, уйтгартай дүнсгэр, эсвэл нервный болцгоож эхлэв. Тэдний эрүүл мэндийн түвшин мэдэгдэхүйц доошилсон нь тэнд ажиллаж байсан сэтгэл зүйч Джон Боулбигийн анхаарлыг татаж, тэрээр цаашид гүнзгийрүүлэн судалж хүйн холбоог анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж,“хүйн холбоог иррациональ буюу ухамсарлагддаггүй мөн чанартай” болохыг тогтоосон. Өөрөөр хэлвэл хүүхэд тодорхой хугацаанд эх эцгийнхээ дэргэд байхаар програмчлагдсан байгалийн автомат программыг нээсэн байна.  

«Би түүнд …. хэлээд л байдаг, хэлээд л байдаг…»

Хүүхдийн хүйн холбооны хамаатах харилцаанд гарч байгаа аливаа эрсдэл “аюул” байдлаар оношлогдож тэрээр өөрийн репертуарт байгаа боломж нөөцийн хэмжээнд арга хэмжээ авдаг байна.

            «Би түүнд: хичээл, сурлага чинь надад биш чамд л хэрэгтэй, чи өсөж том болоод бусдаас дутахааргүй ажиллаж амьдрахыг хүснэ гэтэл чи олигтой мэргэжил эзэмшээгүй, мэддэг чаддаг юмгүй байвал яаж хүн шиг амьдрах юм бэ?, Тэр үед л ухаарна даа. Байнга л “интернетэд ” сууж хайран цагаа дэмий үрж байсандаа харамсах өдөр ирнэ гэдгийг байнга ухуулж хэлдэг, нэмэр алга…..»

«Би түүнд: наад эд зүйлийг чинь мөнгөөр худалдаж авдаг. Зүгээр л тэнгэрээс унаж ирээд байдаггүй юм. Энэ бүхнийг бий болгох гэж аав бид хоёр чинь үсээ цайтал зүтгэсэн. Яг үнэндээ бусадтай адилхан зундаа ганц бүтэн сар амарч ч үзээгүй…Яаж ингэж гамгүй хандаж чадаж байнаа…Яаж хэлвэл ойлгох юм бэ?…. Тос  болгосон, хиртэй болсон бол зүгээр л угаа л даа, эсвэл ядахдаа угаалтуурын өрөөнд оруулаад тавьчих,. яах гэж орон доогуураа чихээд байдаг юм бэ….? Сургуулиасаа тарахдаа хүзүүний ороолт, малгай, бээлийгээ бүгдийг нь  бүрэн байгаа эсэхийг заавал шалгаж гарч бай. Долоо хоног бүр шинэ бээлий ороолт авах хэцүү байна…  би хулгай хийлтэй биш дээ гэж байнга л хэлэх юм… »

«Би түүнд: буруугаа ойлгож хариуцлага хүлээж сур…, Хулчгар амьтан биш эр хүн шиг л байл даа. Буруу зүйл хийж чадсан шигээ бас хариуцлага хүлээж чаддаг байл даа…! Яах гэж худлаа яриад залилах гэж оролдоод байгаа юм бэ? Ичдэггүй юм уу чи, хээв нэг нүүр рүү харж байгаад худлаа ярих юм .., Тэртэй тэргүй л баригдана ш д. Үнэнээ хэлээд шийтгэлээ хүлээчихвэл дахин дахин худлаа ярих гэж зовохгүй амар ш дээ, чиний наадах бөндгөр чинь ажилладаггүй юм уу ? Ухаантай өөртөө ашигтай сонголт хийхэд яадаг байнаа, иймхэн юмыг шийдэж чадахгүй цаашид яанаа… гэж байнга сануулдаг»

«Та нар дараа нь эрээд эрээд юу ч олохгүй. Тоглочихоод тоглоомоо эмх цэгцтэй хурааж байранд нь тавь, ингэхгүй бүгдийг нь хольж хутгаад энд тэндгүй талын нэг тараагаад хаяцгаах юм. Хайрцаг сав нь дэргэд чинь байна, хийгээд цааш нь тавихад юу нь хэцүү байгаа юм бэ? Дараа дахиад тоглоход ч амар.., шууд аваад л тоглоно, хаана юу байгаагаа ч мэднэ , цэвэр цэгцтэй байхад сэтгэл санаа ч өөдрөг байна. Гараашид миний бүх багажнууд эмх цэгцтэй байдаг газраа л байдаг биз дээ, та нар сур л даа….. гэж байнга хэлнэ нэмэргүй…, »

Эцэг эхчүүдийн яриад хэлээд байгаа энэ бүх зүйл уг нь гарцаагүй зөв, дээр нь хэрэгтэй л дээ. Гэвч тэр ярьсан бүхэн нь үр дүнд хүрдэг байсан бол … Гэвч тийм байдаггүй.

Яагаад ?

Хүүхэд харьцангуй тайван байгаа нөхцөлд л түүний их тархи нь бага тархи буюу лимбийн системтэй харьцангуй зохиролтой бие биенээ сонсож ажилладаг. Харин стрессийн нөхцөл байдалд лимбийн систем түгшүүрийн дохио түгээж организм хамгаалах байдалд ордог. Зугатах эсвэл дайрах.

            Дээр бидний ярьсан бүхэн бидний сэтгэл ханамжгүй байгаагийн илэрхийлэл болж тийм өнгө аястай гардаг. Хүүхдийн хувьд эцэг эх түүний авир үйлдэлд сэтгэл ханамжгүй байна гэдэг бол стресс. Учир нь байгалийн монтажилсан хүйн холбооны программаар тэр өөрийнхөө том хүнд таалагдаж байх ёстой…. Энэ бол түүний тэднээс хамгаалалт тусламж, халамж хүртэх нөхцөл.

Эхийн, эцгийн сэтгэлд нийцгүй, таалагдахгүй байна гэдэг нь түүний хүйн холбоонд эрсдэл учирч байна гэсэн үг гэж лимб хүлээж авна, түүний далд ухамсарт намайг орхичихвол яана, хайрлахаа больчихвол яана гэсэн түгшүүр төрнө. Уг нь логикоороо ээж аав нь түүнийг малгайгаа хаяснаас эсвэл муу дүн авснаас болж хаяхгүй гэдгийг тэр мэдэхтэйгээ болсон.

Гэвч лимбийн системийн хувьд энэ оюунлаг дүгнэлт бол чепуха.

Эцэг эхийнх нь дуу өндөр байх тусам эмоци их байх тусам хүүхдийн ухаант их тархи огт ажиллахгүй, тэр лимбээс дэндүү хамааралтай байдаг. Энэ үед таны хийсэн сурганы нүсэр ажил зүгээр л агаарт цацсан хий. Та ухаалаг рацциональ тархинд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэр чинь тухайн үед унтраалттай байна. “Таны залгасан хэрэглэгч түр хугацаагаар холбогдох боломжгүй байна” гэсэн үг.

Харин энэ байдлыг хараад та бүр их уурлаж галзуурахад ганц хуруу дутуу болно.

Чи ер нь чихгүй толгой юу ? Би “хана”тай биш чамтай ярьж байна гэж ирээд л…Чи ядахдаа энэ бүхний талаар юу гэж бодож байгаагаа хэлээдэх ? Үгнүүд чинь үйлдэл болоход ойрхон болж ирнэ…… Таны мэдлэггүй, туршлагагүй харилцаа үнэндээ бол хүүд чононд хөөгдөхөөс ч илүү аймшигтай санагдаж байгаа…  

ТҮҮНИЙГ ТАЙВАН ОРХИ , ТЭР ЮУНЫ Ч ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙГАА, ТҮҮНД БОДОХ ЧАДАЛ Ч БАЙХГҮЙ ЯГ ОДООХОНДОО…

Та эцэг эхдээ загнуулж байх үедээ юу мэдэрдэг байснаа төсөөл дөө.

Хүүхдүүд янз бүрээр илэрхийлдэг:

 «Бие эвгүйрхэж бөөлжмөөр  санагдсан», «Би шууд л уйлдаг, харин аав ингэхэд бүр ч их уурладаг», гараад зугатаамаар санагдсан…..

Энэ бол өөрийхөө мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвартай болсон үгүй ядаж 6  нас хүрсэн хүүхдүүдийн сэтгэгдэл. Харин 2-3 хан нас хүрч байгаа хүүхэд юу мэдрэхийг төсөөлөхөд бэрх. 

            Зарим эцэг эхчүүд, дуугаа өндөрсгөж, хашгирдаггүйгээрээ бахархах дуртай байдаг. Энэ мэдээж хүндлүүштэй  хэрэг.

Гэвч децибелгүйгээр бүр эелдгээр хүүхдийг айлгаж түгшээдэг мастерууд байдаг. Царай төрхнөөс чинь цухал, уурыг тань ямар ч төвөггүй мэдрэгддэг. Жаахан хүүтэй ярилцаж байхдаа «миний ээж уурлахаараа намайг нүдээрээ түлхээд хаячихдаг» гэж хэлэхийг анзаарч хүүгийнхээ заримдаа зугатаад байдгийг ойлгож билээ. Энэ нь хүүд “ ийм муу хүүхэд надад хэрэггүй” гэж хэлсэнтэй адил тусдаг байна.

Заримдаа бүр чамаас болж зүрх зогсчих шахлаа, золтой л цус харвачихсангүй гэж тунирхаж гомдоллох үедээ та түүний лимбэд чамаас болж ээж чинь үхэж мэдэх нь гэж дамжуулж байгаа хэрэг. Хүүхдийн чинь хувьд үүн шиг аймаар юм гэж үгүй.

Эцэст нь хэлэхэд малгайгаа гээсэн эсвэл тоглоомоо хураана гэж амлачихаад мартсанаа мэдэнгүүтээ уучлалт гуйж, нүүр нь улайж, нусаа татан сандарч, дахиад ингэхгүй гэж амлахад нь та “ашгүй ямартай ч дүгнэлт хийж, буруугаа хүлээдэг болж” гэж яаран баярлах хэрэггүй. Учир нь тэр  нэг алдаагаа дахин дахин давтаж байгаагаасаа ичиж бас айсандаа тэгж байгаа хэрэг. Ичих гэдэг стресс бөгөөд энэ үед нөгөө рациональ ухаан бас л түр салгагддаг. Тиймээс тэр маргааш дахиад малгайгаа гээх эсвэл тоглоомоо хураахаа мартах магадлалтай тул та өмнө нь өгсөн “цол алдар” дээрээ “орон гаран”, “найдваргүй баталгаагүй” “ хэлсэндээ хүрдэггүй” гэх бонуснуудыг нэмэхгүй байхыг бодоорой.

            Эцэг эхчүүд, хүүхдийн алдаа давтагдахыг тэдний үг хэлийг огт тоохгүй, авахгүй байна гэж дүгнээд уурлаж зэвүүцдэг. Зарим нь бүр үг хэлэхийг нохой хуцсаны дайтай ч хүлээж авсангүй гэж ирээд л….. хоёр талын стресс улам хүчтэй болох тусам, хүүхдийн сэтгэн бодох чадвар нь улам л багасдаг, ийм маягаар хурцадмал байдал даамжрах үед үгэн дайралт үйлдлийн дайралт болох, эсвэл энэ аймшигт зовлонт байдлаас гарахын тулд хүүхэд гэрийн хаалгыг савж гүйж гарах эсвэл орилж хэрэлдэх энүүхэнд. Энэ нь таныг үл хүндэлсэндээ бус, даварсандаа биш шүү…, бурхан минь.., танд таалагдахгүй байгаа нь түүний хувьд хамгийн аймшигтай нөхцөл байдал, түүнээс гарах шийдсэн аргаа хэрэглэж байгаа нь тэр… 

 Зарим эцэг эх “түүнд стресдээд байгаа юм байхгүй, тэр зүгээр л биеэ тоож, биднийг ойшоохгүй байгаа нь тэр”  гэж ярьдаг.

Тийм байх тохиолдол бий. Хэрвээ түүнийг шүүмжлэх, буруутгах, шийтгэх, шантаажлах, бүр дээр нь гар далайх явдал хэт тогтмолжвол тэр байнгын хамгаалалтын байдалд ордог.

Түүнийг ХӨЛДӨХ стратеги гэж нэрлэдэг. Хүүхэд өөрөө эцэг эхээсээ холбоогоо таслах санаачлага гаргаж байна гэсэн үг. Энэ дэндүү харамсмаар бас өрөвдмөөр феномен. Хүүхэд сэтгэл зүрх нь урагдаж байсан ч хүйн холбооноосоо амь тэмцэн зуурдаг. Гэвч зарим хүүхдийн хувьд стресс дэндүү ихдэж бас дэндүү элбэгдэж тэр энэхүү эрсдэлтэй сонголтыг хийдэг байна. Хүүхэд хариу үйлдэл үзүүлэхгүй, гөлийх, харилцахаас зугатаах, дотогшоо түгжигдэхийг тоохгүй удаж болохгүй шүү, ээж аав нараа, гуйя….!!!!  

Хэрвээ хүүхэд ХӨЛДӨЖ эхэлвэл эх эцэг түүний хувьд хамгаалалт бас түшиг тулгуур байхаа болино гэсэн үг. Түүнд эмоци бараг байхгүй, хүйн холбоог алдахаас, холдохоос айх айдас түгшүүр байхгүй, тиймээс тэдний үглэх янших, хэлцэх, шүүмжлэх түүнд нэг их сонин зүйл биш. Стресс түгшүүр байхгүй учир рациональ тархи хэвийн ажиллаж, бие даатлаа эсвэл очих газартай болтлоо зүгээр л тэвчинэ, эцэг эхийн хүсдэг зүйлийг хэлж, ярьж , ухаажсан, томоожсон дүр эсгэж байгаа нь таныг тайвшруулж  магадгүй.

Хүүхэд насандаа хүйн холбоогоо «царцаасан» хүмүүстэй та тааралдаж л байсан . Тэд хэтэрхий тооцоотой буюу зөвхөн толгойгоор аливаад ханддаг, эмоцигүй мэт, тэдний хувьд «эмзэг нандин зүйл» гэж бараг байдаггүй болохыг тэд өөрсдөө хээв нэг илэрхийлж, заримдаа хатуу, хэрцгий, өршөөлгүй зан гаргах бөгөөд үүгээрээ бахархдаг.           Хүмүүстэй харьцахдаа тэднийг ашиглах, тэдний хариу үйлдэл, боломж нөөцийг урьдчилж тооцоолох тактикийг барьж олны дунд айхтар, мундаг, “лаг” гэсэн тодорхойлолтын эзэн болно. Тэд өрөвдөх,гомдох, эмзэглэхийг хэрэггүй илүүц зүйл гэж үзэх тул урт хугацааны гүнзгий харилцаа тогтоохоос зайлсхийж, гэр бүл зохиохгүй байх нь элбэг. Дээр нь бүр өөрийнхөө амьдралын хэв загварыг зөв, ашигтай гэж зарлах бөгөөд гэр бүл, хайр сэтгэл, халамж анхаарал зэрэг ихэнх хүмүүсийн үнэт зүйлийг примитивный буюу нэг тийм энгийн жижиг зүйл гэдгийг нотлох өөрийн гэх онол хүртэл ярьдаг. Өөрийнхөө аз жаргалгүй байгааг эрс эсэргүүцэж хэнээс ч тусламж дэмжлэг, энэрэл элбэрэл хүсдэггүй. Бусдыг анхаарч халамжлахтай холбоотой ажил мэргэжил, арга хэмжээг дооглож тохуурхдаг.

Эрүүл саруул ухаантай, ямар ч эцэг эх, өөрийн хүүхэддээ ийм ирээдүйг хүсдэггүй байх, гэж бодож байна.

Нэлээд хөнгөн хувилбар нь, хүүхэд эцэг эхтэйгээ тогтоосон дотоод холбоогоо бүрэн тасалдаггүй, зөвхөн тэдний элдэв авир үйлдлийг тоохгүй байх арга барилд л сурдаг. Өөрөөр хэлбэл бамбар тугал 2 ын үлгэрт гардаг шиг хэрэв эцэг эхийн зэмлэл болон сүрдүүлгийн үгс зогсоо зайгүй байнга урсаад байвал хүүхэд « бас л санаандгүй хонхоо дуугаргаа биз  зүгээр л тоохгүй байя» гэх стратегийг сонгодог.

Энэ харин юу гэсэн үг вэ?.

 Маш энгийнээр хэлвэл “эцэг эхчүүд хүүхэддээ үгээрээ нөлөөлдөг каналаа хаалгалаа гэсэн үг. Яльгүй зүйлээс болж байнга л үглэж яншсанаараа жинхэнэ хэрэгтэй үгээ, хэрэгтэй цагт сонсгох боломжоо алдаж байна” гэсэн үг. Эдийн засгийн нэр томъёогоор илэрхийлэх юм бол энэ нь эцэг эхийн үнэт үг сургаалын ханш нь огцом буурч үнэгүй цаас боллоо гэсэн үг. Үүний дараа хүүхдээ эцэг эхийнхээ үгийг дахин сонсдог болгохын тулд мөн өөрсдийнхөө үгний чухлыг ойлгуулахын тулд шийтгэл,сүрдүүлгийн далайц томорч хүч нэмэгдэх шаардлага тулгарч байна гэж үзээд ” таван салаа боов, тоосыг нь гөвөх, сүрдүүлэх, хязгаарлах..,” зэрэгээр хүнд артеллерт шилждэг…. бүү үзэгд

Одоо тэгээд яах вэ, түүнд ямар ч үг хэлж болохгүй юу?  Юу ч болж байсан аварга могой лугаа амгалан тайван цагариглаад л хэвтэж  байх уу? Тэгээд эцэг эхчүүд бид өөрсдийнхөө стрессийг хааш нь хийх хэрэг вэ? Бид ч гэсэн лимбийн системтэй ш д. Тэр нь мөн ялгаагүй стрессийн үед заримдаа ухаант тархинд захирагддаггүй гээ биздээ !

Тиймээ, бид ч мөн адил лимбийн системтэй, тэр нь ухаант тархинд бүрэн удирдуулдаггүй тухай хальт дурьдаад өнгөрсөн, тэгээд яах тухай бид хожим дэлгэрэнгүй ярилцах болно. Ямар ч тохиолдолд байнга тайван байна гэдэг боломжгүй зүйл, угаасаа бодитой биш. Заримдаа, хүүхдүүдийн хийж буй зүйл эрүүл саруулаар бодох сэтгэх зам зайг хааж орхих нь цөөнгүй.!

Ийм нөхцөл байдалд хүүхдийг хүмүүжүүлэх гэж оролдоод ч хэрэггүй болохыг зүгээр л ойлгож байх хэрэгтэй. 

Харин та мэдэрч байгаа бүхнээ ил гарган хэлж сур, тухайн үед өөрт төрж байгаа эмоцио нэрлэж сур !!!!.

                               :  ” Бас л малгайгаа хаячихсан уу, тэнэг юм уу хаашаа юм бэ, тэгээд маргааш яах юм, толгой нүцгэн явах уу, намайг хүмүүс юу гэж хэлэхэв, Төгөлдөр бүтэн өвөлжин малгайгаа хаяагүй болоод л байна, чи ер нь яачихсан бүтэлгүй хүүхэд вэ…, чи намайг зовоохоо хэзээ болих юм бэ……”    Ингэж биш

                           Харин ингэж: Дахиад л малгайгаа хаясныг чинь сонсоод чамд уур хүрч, гомдож байна. Би өвлийн хүйтэнд чамайг толгой нүцгэн явуулж чадахгүй, тиймээс би яг одоо жоохон амсхийх цагаа хасч дэлгүүр яваад дүүд чинь ролик авч өгөх гэж байсан мөнгөөрөө чамд шинэ малгай авч өгье……  Яг үнэндээ танд төрсөн мэдрэмж энэ шүү дээ., Ингэж илэрхийлэх нь танд ямар онцгой ашигтай болох тухай дараа яригдана.

Ер нь хүүхэддээ гомдож, түүний төлөө айж түгшиж, тавгүйтэж байгаагаа оновчтой нэрлэж ярьж сурах их чухал.

Хэрэв таны хүүхэдтэйгээ харилцах харилцаа хэвийн, бөх бат бол тэр мэдээж, айна, сандарна, гэмшинэ, гэвч энэ стрессийг хамт давж гарах боломж чадвар өмнө чинь байгаа.. Дараа та хоёр хоёулаа тайвшраад, эвлэрнэ, бие биенээсээ уучлал гуйна, хамтдаа (уйлахад лимби систем маш сайн тайвширдаг) уйлалдаж ч магадгүй. Ингээд уйлаан майлаан чинь дуусаж, та хоёр бүрэн тайвшраад, тэврэлдэн сууж байх үедээ, хэрэв стресс их байгаад хүндхэн байсан бол – хэдэн цагийн дараа, яг унтахаас нь өмнө ч юм уу эсвэл маргааш нь ч хамаагүй тайвширч байгаад уг асуудлаар өөрөөр ярилцаарай. Заавал шүү. Дээр нь та өөрийнхөө мэдэрснийг, хүүхдээ хайрлаж түүнд санаа тавихдаа хэлсэн зөв буруу үгнүүдийн учрыг гаргаж хүүхэддээ хэлээрэй. Хүүхдийн чинь, хэрвээ хүү бол хамар сарталзаж, нүд нь анивчиж, хавьчиганаж уйлахгүйг хичээж өмөлзөнө. Стресс тайлагдаж та 2-ын хүйн холбоо эгшиглэж байгаа нь тэр. Харин охин бол түүнд хамаг сэтгэлээ нээж, хайрлахын учир хатуурхсанаа хэлээд, уйлах боломж олгоорой. Хамтдаа уйлвал бүр сайн.

 Бүтээлч харилцааны өөр нэгэн арга хэрэгсэл бол “идэвхтэй сонсох”.  Хэрэглэхэд маш үр дүнтэй байдаг. Та өөрөө харна.

 Нууц нь маш энгийн: хүүхдийн дотоод сэтгэл, мэдрэмжүүдийг нь мөн өдил нэрлүүлж, хэрэгцээ шаардлагуудыг нь  танин мэдэж, «идэвхитэй сонсох», бид энэ үйл хөдлөлөөрөө “чи ямар  буруу зүйл хийсэн нь хамаагүй, би энд байна, би чамтай хамт байна, би урьдын адил, чамд бүх зүйлээр туслах, чамайг хайрлаж хамгаалахыг хүсч байна гэсэн илгээлтийг лимбэд дамжуулж байгаа хэрэг бөгөөд ингэснээр хүүхэд ч бас стресст авталгүй, сонсож, бодож, өөрийн үйл хөдлөлдөө дүгнэлт өгч, тэдгээрийн үр дагаварыг нь ойлгож, асуудлыг шийдвэрлэх өөрийнхөө хувилбарыг зоригтой хэлэх гаргах боломжтой болдог.

Харин энэ тухай дараа дэлгэрэнгүй ярилцъя.