• Монгол хэл
  • English
  • Русский

 Нэвтрэх

Бүртгүүлэх

ДАЙТАХЫН ОРОНД ХАЙРЛА

Онлайн зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөө

Тэр хамаг хувцсаа завааруулаад дээр нь өөрөө халтайчихсан, хачин муухай зөрүүд, нүүр өгөхөөр өөр юм өмнөөс өгдөг, үнэтэй авч өгсөн шинэ гар утсаа гээчихээд загнахаар өмнөөс цор цор хийнэ, гэр орны ажилд туслах дургүй, компьютераар тоглоод л сууж байх санаатай, сургууль гудамжинд асуудал тарьж чих халууцуулна....гэсэн ч тэр таны дайсан биш, хорлон сүйтгэгч биш, тэсрэх бөмбөг бүр ч биш, тэр бол таны л хүүхэд. Хүүхэд бол хүүхэд. Учрыг нь олоод, угааж цэвэрлэхэд нь тусалчихвал түүнд үнсэх газар, тэврэх шалтгаан өчнөөн байгаа.

Эксперт

Update and Upgrade project

Хүүхдийн боловсрол хөгжлийн хэсэг

0 $

x

x

x

Томчуул бид хүүхдийнхээ тухай ярилцахдаа «Хичээл тасалдагтай нь яаж тэмцэх вэ?», «Бид даалгавар хийхээс болж байнга л дайтах болоо», «Энэ ч гадуур тэнээд дийлдэхээ байлаа» гэх зэргээр байнга л цэрэг дайны нэр томъёо ашиглан ярилцдаг та анзаарсан уу? Өөрөөр хэлбэл, хүүхэд – ямар нэгэн тулааны эсрэг тал мэт, хэн нь хэнийгээ дийлэх вэ гэх байр сууринаас хандаж байгаа мэт.

Дээр нь хажуу хавирганаас мөн л: “Хүүхдэдээ арай чанга хатуу хандаж байх хэрэгтэй. Та нар түүнийг хэтэрхий их эрхлүүлж байна. Хүссэн болгоныг нь биелүүлдэгээ болих хэрэгтэй. Харж л байгаарай, нэг л мэдэхэд толгой дээр чинь гараад суучих вий гайгүй. Тэгвэл ингэчихнэ, ингэвэл тэгчихнэ” гэцгээж шүүмжилж сургана. Гол төлөв сурган хүмүүжүүлэгч нар эсвэл туршлагатай аав ээж нар ингэж ярихыг яана..

Энд хүүхдийг ямар нэгэн хорлон сүйтгэгч, бидний дунд нуугдаж буй дайсны нууц бүлэг тагнуулууд, хараа хяналтаа бага зэрэг сулруулахад л – тэд төрийн эргэлт хийж эцэг эхээ буулган авна гэсэн санаа цухалзаад байгаа хэрэг биш үү? 

Харин сэтгэл зүйчдийн чиг хандлага бол өөр, бид хүүхэдтэй “….Ингэж ярьж болохгүй, хүүхдийн сэтгэлийг насан туршид нь гэмтээж, өөрөө ч учрыг нь олж чадахгүй зовдог…,тэгж огт болохгүй, ….. түүнээс чинь болж л хүүхэд яваандаа псих, архи хар тамхинд донтогч, зугаа цэнгэл хайгч, бэрхшээл сорилтоос зугатаагч болно.., идэвх санаачлагагүй бусдын гар харсан хүн л болгож орхино “ гэж ирээд л учирлана..

Танд энэ бүхэн хачин санагдахгүй байна уу? Бид хэнтэй Яах гэж дайтаад байгаа юм бол? Та хүүхдээ нэг сайн хар даа. Тэр хамаг хувцсаа завааруулаад дээр нь өөрөө халтайчихсан, хачин муухай зөрүүд, нүүр өгөхөөр өөр юм өмнөөс өгдөг, үнэтэй авч өгсөн шинэ гар утсаа гээчихээд загнахаар өмнөөс цор цор хийнэ, гэр орны ажилд туслах дургүй, компьютераар тоглоод л сууж байх санаатай, сургууль гудамжинд асуудал тарьж чих халууцуулна….гэсэн ч тэр таны дайсан биш, хорлон сүйтгэгч биш, тэсрэх бөмбөг бүр ч биш, тэр бол таны л хүүхэд.  Хүүхэд бол хүүхэд. Учрыг нь олоод, угааж цэвэрлэхэд нь тусалчихвал түүнд үнсэх газар, тэврэх шалтгаан өчнөөн байгаа.

 Харин Яаж учрыг нь олж, угааж цэвэрлэхэд нь туслах тулааны биш арга хэрэгсэлтэй болох вэ ?

Хүйн холбоо: эрхшээсэн хайр халамж

Дээр зурвасхан яригдаад өнгөрсөн мөн цаашид яригдах юм бүхэн маш энгийн нэгэн хүчин зүйлээс шалтгаалдгийг харна. Хүний үр удам хорвоо ертөнцөд мэндлэхдээ дэндүү дутуу, боловсроогүй, амьд үлдэх баталгаа найдваргүй төрдөгтэй холбоотой. Иймээс зарим үндэстэн хүүхдийг төрөөд 100 хонотол нь хүнд хэлдэггүй, зарим нь бүр нэр ч өгдөггүй.

 Энэ нь нэг талаас бид босоо, 2 хөл дээрээ явдаг гоё амьтан, нөгөө талаас уураг тархи томтой ухаант амьтан болгож өгснийх нь төлөө БАЙГАЛЬД төлж байгаа төлөөс.

Учир нь босоо явахын тулд тааз жижигхэн байх хэрэгтэй, ухаантай байхын тулд тархины масс их, тэр хэмжээгээр агуулж байгаа сав буюу толгой том байх ёстой.

Тиймээс бидэнд ганцаас илүү үрд зориулах зай багтаамж хомсоос гадна, тэр ганцынхаа тархийг хөгжтөл тээж томруулах боломж байхгүй. Хурдан гаргаад л азаа үзэх нь тэр. Сониноос КЕНГУРУ мөн адил. Аварга том биетэй атлаа атигархан жижиг зулзага гаргадаг, тэр нь эхийн хэвлийн гадна байрлах цүнхийг онож орж чадахгүй бол гүйцээ., зулзага шууд үхнэ. Түүнд амьд үлдэх боломж байхгүй. Тэр хэвлийн гаднах цүнхэнд гүйцээж тээгддэг. 

Хүний үр яг адилхан, төрснөөсөө хойш эхийн асрал хайраар илэрхийлэгдэх “сэтгэл” хэмээх цүнхэнд гүйцээж тээгддэг. Кенгуруны цүнх түүний биетэй эдээр холбогддог бол хүний цүнх харин хүйн холбоо гэж нэрлэгдэх онцгой энергиэр холбогддог.

Тэрхүү энергийн тусламжтайгаар дөнгөж төрсөн нярай эхээ гүн нойрноос ганцхан ханиадаар сэрээж, хөдөлж чадахааргүй ядарсан тэр хүүхэд шиг дэгдэж түүн рүү харайлгадаг. Амь хайргүй үрээ хамгаалах, ач нэхэлгүй бүхнээ зориулах сэтгэлэн “цүнхэнд” гүйцээж тээгдэх тоглоомын дүрмийг шинэ төрсөн хүүхэд дэндүү сайн мэдэж байдаг. Хэрэв чи төрөнгүүтээ ийм нэгэн цүнхийг онож орж чадвал– чи амьд үлдэнэ. Чадахгүй бол – уучлаарай, ингэж чадахгүй….гэсэн хатуу хуулийг тэр зөнгөөрөө мэдэрнэ. Иймээс хүүхдийн гаргаж буй авир үйлдэл, амар амгалан эсвэл айдас түгшүүр, өвдөх зовох бүхэн энэхүү холбоог шалгаж нэхэж байгаа хэрэг бөгөөд энэ тухай мэдэх зайлшгүй шаардлагатай энгийн атлаа эгнэшгүй чухал хэдэн зүйлийг хойш тавилгүй мэдэх хэрэгтэй байна.

Хүүхэд ба түүний том хүн хоёрын хоорондын холбоо – зүгээр нэг хэрэгцээ огт биш, амин чухал өөрөөр хэлбэл амьдрал-үхлийн тухай асуудал юм. Үүнээс илүү чухал хэрэгцээ бүхий харилцаа түүний насан туршид нь дахин тохиодоггүй, ханиа сонгох, өөрийн үр хүүхдээ төрүүлж өсгөх аль нь ч шинэхэн төрсөн нярайн эхтэй тогтоодог харилцаа шиг гүн гүнзгий, амин чухал байдаггүй. 

Эх үрийн хоорондын эхний энэхүү харилцаа хэвийн зөв тогтсон тохиолдолд түүний өсөх, хөгжих болоод өөртөө, бусдад, орчиндоо хандах хандлага харилцаа хэвийн тогтдог. Ингэж чадаагүй тохиолдолд тэр амьдрал гэх урт маршрутаар ээдээ мөн амаргүй зорчих болдог.   

Та гуравхан настай жаалхүүг сааданд ээжтэйгээ хамт байгаа тохиолдолыг ажигладаа. Ээж нь сандал дээр суугаад ном уншина, эсвэл утсаар ярина. Харин хүү түүний эргэн тойронд тоглож шулганан, гүйж харайж, гулгуураас гулган, элсээр тоглож, өвс чирж яваа шоргоолжыг сониучирхан харна. Хэсэг хугацааны дараа хүүхэд эргэн хартал – ээж нь сандал дээрээ байсангүй. Тэрээр түр хугацаагаар хаашаа ч юм явж л дээ. Юу болох вэ? Хүүхэд шууд л тоглохоо болино. Хүүхдэд савлуур ч, шоргоолж ч сонирхолгүй болно.  Тэр шууд сандал руу гүйж очоод эргэн тойрноо харна. Ээж хаачив аа?

            Хэрэв ээж нь  түргэхэн олдвол – тэр тайвшраад тоглоомондоо эргэж орно. Харин шууд олдохгүй бол – тэр айн сандарч, уйлна, учраа олохгүй, хаашаа ч хамаагүй гүйнэ. Ээж нэг их удахгүй хүрээд ирсэн ч, тэр тайвшрахгүй,  эхээсээ мөд холдохгүй, гараа ч салгахгүй зуурна, тэгээд гэртээ харъяа гэж гуйна.  Тэр дахиад зугаалах тоглохыг хүсэхгүй.Одоо түүнд юу ч сонин биш. Хамгийн чухал нь ээж тэр хоёрын холбоо, дөнгөж сая тэр холбоо тасарч болохыг,  эргэлзээтэй байдалд орж болохыг тэр өөрийн биеэр мэдэрсэн.

 Эх ч мөн ялгаагүй хүйн холбооны ачаар нөгөө өрөөнд байгаа хүүхдийнхээ амьсгалахыг хүртэл хаа холоос сонсож, хүүгийнхээ дууны  өнгөөр түүнийг үерхдэг охинтойгоо хэрэлдсэн болохыг гадарлаж, асуусан жирийн нэг асуултаас нь хүнд дээрэлхүүлснийг нь эсвэл хэрэг тарьсныг таамаглаж чаддаг. Хүүхэд ч гэсэн чухам түүний ачаар л эцэг эх нь инээмсэглэцгээж байсан ч хоорондоо хэрэлдсэн болохыг алдаа мадаггүй тодорхойлж, ээждээ үнсүүлж байхдаа мөнгө нь дууссаныг мэдэрч чаддаг. Чухамхүү хүйн холбооны ачаар хүүхдийнхээ төлөө юунаас ч татгалзаж чаддаг мөн хэрэгтэй байгаа юугч хаанаас ч олж чаддаг.

Энэхүү холбоо хүүхдэд хүнд хэцүү үе, тохиолдох саад бэрхшээлийг даван туулах ухаан зоригийг өгч, бусдыг энэрч туслах ууч сэтгэлийн үрийг суулгаж, эцгийнхээ гаргаж хэлээгүй магтаал сайшаалыг сонсох, их сургуулийн диплом гардан авахдаа эхийнхээ нүдэнд бахархалын оч гялалзахыг олж харах билэг чадварыг өгч байдаг. Чухамхүү энэхүү холбоос л нялх балчир үрсийн хувьд эхийн алгыг ид шидийн эм, эмээгийн хуушуурыг хорвоогийн дээд амттан, хүүхэд бүрийг эцэг эхийнх нь хувьд эгэлгүй сод ухаантан болгодог барагдашгүй их увидастай байдаг билээ.

Хүйн холбоо – эх үр хосоор наадах уянгат бүжиг. Байгаль эх энэ бүжгийг Эх нь хүүхдээ хамгаалж, халамжилж, хүүхэд түүнд итгэж найдаж, тусламж дэмжлэгийг нь хүссэнээрээ нэхэж шаардаж, хэмжээ хязгааргүйгээр авч өгдөгөөр дэглэсэн. Тэр ч байтугай, нас бие гүйцэж, сахал самбаа нь ургасан томоо хар хүн болсон ч эвгүйхэн цочихоороо «Ээжээ!» гэж уулга алддаг нь ийм учиртай аж. Үерхэл нөхөрлөл, хайр дурлалын холбоо ирдэг бас явдаг. Хүйн холбоо, эцэг эх хүүхдийн харилцаа сайн эсвэл төдийлөн сайнгүй байсан ч  бидэндтэй насан турш хамт байх болно.

Хүүхдийн авир үйлдлийн ихэнх нь энэхүү нарийн холбоо бат бөх эсвэл сул эрсдэлтэй байдлаар тайлбарлагдана.

Энд нэг энгийн жишээ дурьдъя: танайд зочид ирэх болжээ. Танай хүүхэд ч баярлаж,ширээ засахад оролцож, жимс угааж, аяга таваг зөөж, магтаал хүртэж, царай зүс нь гэрэлтэж, зочид орж ирэхийг тэсч ядан хүлээнэ.

Ингээд зочид ч орж ирлээ – хүүхэд гэнэт дуугаа хурааж, ичингүйрэн таны араар нуугдаж, олон удаа гуйлган байж тэдэнтэй мэндэлсэн болно. Энэ бол хүйн холбооны авир үйлдэл: хүүхэд «өөрийн» биш гадны хүмүүстэй маш болгоомжтой харьцаж, эхээсээ тусламж эрж хайж байгаа нь энэ

Та ширээнийхээ ард сууж зочидтойгоо яриа хөөрөө өрнүүлж хөгжилдөнө. Энэ үед хүүхэд гэнэт уяанаасаа алдуурсан мэт, гүйж үсэрч, шуугиж, таныг байн байн чангааж юм асууж, эсвэл энийг авъя, тэрийг авъя, нааш ир тусал энэ тэр гээд амар суулгахгүй. Харин та яадаг вэ ? Эхлээд түүний хэлснийг ганц хоёр удаа биелүүлээд дараа нь цухалдана, бүр “хүнтэй ч таван үг солиулахгүй” гадны хүн харахаараа хүнээ байдаг”,” том хүний яриа таслаад”, “дундуур ороод” энэ тэр гэж зэмэлнэ..

Энэ бол хүйн холбооны авир үйлдэл бөгөөд таны анхаарлыг өөр хүн татаж байгаад түгшиж ,өөр лүүгээ чиглүүлэхийг элдэвээр оролдож, өөрийгөө таны хувьд урьдын адил чухал  хэвээр байгаагийн нотолгоог шаардаж байгаа явдал..

Таны тэвчээр барагдаж, уурлан та аргагүйн эрхэнд түүнийг өрөөнөөс гаргана.Тэр чанга дуугаар уйлж, хаалга балбаж, багтарна. Энэ бол хүйн холбооны авир үйлдэл: Дөнгөж сая гаргасан үйлдлээрээ та хүүхдийхээ хувьд хамгийн амин чухал эрэлт хэрэгцээ болох тантай тогтоосон холбоог тасалж чадна гэдгийг түүнд харуулсан бөгөөд тэр үүнийг зөвшөөрөхгүй эсэргүүцэж, уг холбоог буцааж сэргээхийг шаардаж байгаагаа илэрхийлж байгаа тэр.

Та түүнийг өрөвдөөд очиж аргадан нүүр гарыг нь угаагаад тэврэхэд тэр хэсэг хугацаанд уйлж гонгиноод удалгүй тайтгарч та хоёр эвлэрч тэврэлдэн зочидтой хамт суухаар шийднэ.Тэр таны өвөр дээр улбайж хэвтээд чимээгүй болно. Тэр дахин дүрсгүйтэхгүй. Энэ бол хүйн холбооны авир үйлдэл – тэр таны хувьд чухал нэгэн гэдгээ нотолж тайтгарсан, дээр нь бас энэхүү эмоциональны стресс түүний хүч тамирыг бас барсан. Иймэрхүү байдлаар алдсан тамир тэнхээг эхийнхээ дэргэд сэргээх нь маш чухал.

Та хүүхдийн авир үйлдлийн ийм тайлалын тухай урьд өмнө нь сонсоогүй байж болох төдийгүй хүүхэд хэтэрхий эрх танхи, хүмүүжил муутай эсвэл хорлонтой зан ааштай байна гэж тайлбарлаж байсан байж болох юм. Үнэндээ үүний учир начир ийм хялбар бөгөөд энгийн байдаг. Түүнд таньтай байнга холбоотой байх нь амин чухал. Ердөө л энэ.

Үүнийг уншсанаас хойш танд хүүхдийн маш олон “муухай” “даварсан” авир үйлдэл огт өөр байдлаар харагдаасай.